Налайх
дүүргийн зүүн урд хэсэгт Шивээтийн хөндийд 2000 гаруй га талбайд Их, дээд
сургуулиудын оюутны хотхон байгуулахаар төлөвлөсөн. Хотхон байгуулах ажлыг
эхлүүлээд
үндсэндээ долоон жилийн хугацаа өнгөрчихөөд байна. Гэвч хотхоны ажил бичгийн
ширээнээс хальсангүй. Өөрөөр хэлбэл цаасан дээр бичсэн тооцоо судалгаа, техник
эдийн засгийн үндэслэл ярихаас хэтэрсэнгүй.
Оюутны хотхонтой болох ажлыг Сү.Батболд Ерөнхий сайдаар
ажиллах үедээ эхлүүлж байсан. Түүнээс хойш дөрвөн ч засгийн газар солигдлоо.
Гэвч \”оюутны хотхон” байгуулах судалгаа хийх нэрээр хэсэг бүлэг хүмүүс төсвөөс
цалинжиж, шаардлагагүй зүйлд хөрөнгө мөнгө зарцуулсаар л байна.
Уг нь сая гаруй хүн амтай Доха хотыг 3-4 жилийн хугацаанд
л босгож, дэлхийн хот болгож чадсан. Үүний жишгээр хотын түгжрэлийн гол цөм
болоод байгаа их сургуулиудыг хотоос нүүлгэхэд цөөн хугацаа л шаардлагатай.
Гэвч манайд их дээд сургуулиудыг нүүлгэх хүсэлтэй хүн ганц ч алга. Тэгсэн
мөртлөө Засгийн газрын хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд \”Оюутны хотхон барих
ажлыг эрчимжүүлэх” гээд орчихсон явж байгаа нь харамсалтай. Хэзээ хэрхэн
баригдах нь мэдэгдэхгүй ажилд мөнгө зарцуулаад судалгаа хийгээд яваад байна
гэсэн үг шүү дээ.
Энэ долоон жилийн хугацаанд хэд хэдэн удаа сүртэй, өндөр
өртөгтэй тендер шалгаруулалт зохион байгуулсан. Одоо ч ажлын хэсэг гэгдэх
хүмүүс тооцоо судалгаа хийж Шивээтийн
хөндийд 2000 гаруй га талбайд яаж хотхон байгуулах вэ хэмээн ТЭЗҮ-ээ боловсруулсаар л явна.
Үнэндээ долоо хэмжиж нэг огтол гэгчээр \”оюутны хотхон”-ы судалгааны ажил дэндүү
чанартай болчихоод байгаа. Гэвч тэнд хотхон барих хүсэлтэй нэг ч хүн алга.
Сургуулиуд ч тийшээ нүүх хүсэлгүй байгаа гэдгээ илэрхийлсээр байна. Зарим
төрийн өмчит сургуулиуд өөрийн барилгаа өргөтгөж, сургалтын орчноо тэлсээр
байна. Энэ нь Налайх руу нүүх дээрээ тулвал \”боломжгүй” гэдэг хариулт өгөх
томоохон шалтгаан болж мэдэхээр.
Сү.Батболдын үед энэ ажлыг эрчимжүүлэхийг шаардаж, судалгааны ажил ч дээд
хэмжээнд хүртэл явагдсан байдаг. Гэвч дараа дараагийн Засгийн газрууд гарч
ирээд \”оюутны хотхон” нэртэй үлгэр цааш үргэлжлэх болможгүйгээр зогсолтод орсон
билээ. Оюутны хотхон бол угаасаа үлгэр. Хэн нэг нь мөрөөдлөө ярьж, түүнийг нь ажил
хэрэг болгохоор туйлширснаас л үүдэлтэй хийсвэрлэл. Нийслэлтэйгээ нас чацуу
сургуулиудыг хотоос нүүлгэнэ гэвэл улсынхаа төсвийг бүхлээр нь зарцуулаад ч
амжихгүй үйл болно.
Төрийн өмчийн 5 их сургуулийн 81.6 мянган оюутан, 5.82 мянган багш ажилтан,
ШУ-ны зургаан хүрээлэн, 330 орчим ажилтан эхний ээлжинд байрлах \”оюутны хотхон”
бол зүгээр л мөрөөдөл юм. Энэ ажилд төсвөөс ганц удаа ч мөнгө тавьж байгаагүй.
Цаашид ч тавихгүй биз. Тэгэхээр энэ мөрөөдлөө орхиж, өөр чиглэлд тооцоо
судалгаа хийцгээе дээ. Уг асуудлаар БСШУ-ны сайд Ж.Батсуурь ямар тайлбар хийснийг сонсоцгооё.