Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор орон сууцны айл өрхүүдийн гэрээг шинэчлэх ажил хэдэн хувьтай байгааг Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх хэлтсийн дарга Б.Шинэхүүгээс тодрууллаа.
Тэрбээр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Улаанбаатар хотын хэмжээнд нийт орон сууцны өрхийн 50 орчим хувийг хариуцдаг. Байгууллагын үйл ажиллагаа цахимжсантай холбоотойгоор 2023 оноос эхлэн хэрэглэгчидтэй шинэчилсэн гэрээ байгуулж, тэдний мэдээллийг нэгдсэн систем рүү илгээж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 73 мянга орчим өрхийн гэрээг шинэчлээд байна.
Цахим шинэчлэлийн хүрээнд өрхүүд тоолуурын заалтаа өөрсдөө цахимаар хянах, НӨАТ-ын баримтаа авах, гэрээгээ цахим хэлбэрээр байгуулах боломжийг бүрдүүлсэн.
Шинэчилсэн гэрээнд хэрэглэгчдийн мэдээллийг гуравдагч этгээд буюу Монголбанкинд хүргүүлэхээр заасан. Үүний дагуу хэрэглээний төлбөрөө гурван сараасдээш хугацаагаар бүрэн төлж барагдуулаагүй бол Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд бүртгэгдэнэ. Мөн 100мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд иргэдийн зээлийн онооноос хасагдах журмаар зохицуулагдана. Харин 100 мянгантөгрөгөөс доош дүнтэй төлбөрийн үлдэгдэлд зээлийн оноо хасахгүй. Түүнчлэн орон сууцны дулааны шугам сүлжээ нь дундын эзэмшлийнх байдаг учраас нэг айл төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар дулааныг нь тусад нь таслах боломжгүй. Тиймээс төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийн зөвхөн хэрэглээний усыг хязгаарлах зохицуулалт хийнэ.
Өнөөдрийн байдлаар орон сууцны усны тариф нэмэгдээгүй, хуучин үнээрээ мөрдөгдөж байгаа. Тодруулбал, орон сууцны айл өрхийн 1 литр усыг 1 төгрөг 34 мөнгөөр, харин гэр хорооллын айл өрхийн усыг 2 төгрөгөөр тус тус тооцон авч байна” гэлээ.
Иргэдийн бүртгэлтэй гар утасны дугаарт ус, цахилгаан болон бусад хэрэглээний төлбөрийн мэдээлэл сард хоёр удаа мессежээр очих аж. Үүнээс гадна хэрэглэгчид QR код уншуулж, өөрийн бүртгэлтэй дугаарт ирэх зургаан оронтой кодыг оруулснаар өрхийн хэрэглээнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг давхар хянах боломж бүрджээ.









































































