Азербайжаны Баку хотноо Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ноос зохион байгуулж буй өсвөрийн буюу u17 хүртэлх насны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж буй. Энэ сарын 27-нд эхэлсэн тус тэмцээн наймдугаар сарын 2-нд өндөрлөх хуваарьтай.
Тус тэмцээний охидын 65 кг-ын жинд Болдбаатарын Ариунзул Казахстаны Айша Абдималикийг 4:0-ээр буулган авснаар u17 хүртэлх насанд дэлхийн аварга болсон анхны монгол тамирчин болж байна. Энэ хоёр тамирчин өмнө нь 17 хүртэлх насны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-д учраа таарахад Б.Ариунзул 11:2-оор илүүрхээд улмаар тус тэмцээнээс хүрэл медаль хүртэх замаа зассан билээ.
Б.Ариунзул эхний даваанд Украины Ирына Бухтинаг 5:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Шахзода Азимоварг 11:0-ээр оноогоор цэвэр, хагас шигшээд Беларусийн Палина Брахинетсийг 7:1-ээр ялж аваргын төлөө өрсөлджээ.
Энэ жинд хүрэл медалийг Молдавын Маргарита Лисита, Беларусийн Палина Брахинетс нар хүртлээ.
Одоогоор охидын ангилалд багийн дүнгээр украинчууд тэргүүлж буй. Тэд аль ч жинд аваргалж амжаагүй ч багаараа жигд оролцсон тул 69 оноогоор бусдыгаа манлайлж байгаа бол араас нь АНУ хоёр жинд алт авснаар 67 оноо, нэг жинд түрүүлсэн үзүүлэлтээр Япон 55 оноогоор жагсаж буй.
Тэдний араас Энэтхэг 52 оноогоор дөрөвдүгээрт жагссан бол Б.Ариунзулын 25 оноог нэмэрлээд Монголын баг 39 оноогоор тавдугаарт бичигдэж байна.
Өнөөдөр охидын сүүлийн жингүүд аваргаа тодруулсны дараа багийн дүн шинэчлэгдэх юм.











































































