Интернетэд цэргийн тусгай хүчин сонирхдог залуус олон бий. Тэгвэл саяхан тэдний анхаарлыг зүй ёсоор татах нэгэн арга хэмжээ АНУ-ын Флорида мужийн Тампа хотод 2017 оны 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд болж өнгөрчээ. Энэ бол тус улсын тусгай хүчний дайчдад зориулан тусгай бүтээгдэхүүн, зэвсэг, техник, технологи бүтээдэг аж үйлдвэрүүдийн конференц юм. 4 хоног үргэлжилсэн энэ жилийн арга хэмжээг АНУ-ын Тусгай хүчний командлал, Үндэсний батлан хамгаалах аж үйлдвэрийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан.
Конференцид батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 400 гаруй шилдэг компани, байгууллагууд 1000 орчим жижиг буланг нээж 11 мянга гаруй зочдод өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн.
Тухайлбал америкийн радио холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг \”goTenna\” компани нь өөрийн үйлдвэрлэсэн \”Меш\” тактикийн сүлжээний радиостанцаа танилцуулсан байна. Уг радиостанц нь богино болон хэт богино долгион дээр ажиллах боломжтой, адил төстэй тактикийн сүлжээний бусад станцуудаас 40 дахин хямд, 12 дахин жижиг, 10 дахин хөнгөн, 30 дахин удаан цэнэгээ хадгалах боломжтойгоор хийгдсэн гэнэ. Яг өнөөдрийн байдлаар Иракийн Мосул хотод явагдаж буй тусгай ажиллагаанд ийм загварын 60-70 нэгж станцуудыг АНУ-ын тусгай хүчний дайчид ашиглаж байгаа гэнэ.
Дашрамд дурьдахад одоогийн байдлаар АНУ-ын Зэвсэгт хүчин нь маш өндөр түвшинд бэлтгэгдсэн 69,7 мянган цэргийн тусгай хүчний дайчидтай ба үүний 7823 цэргүүд дэлхийн бөмбөрцөгийн 100 гаруй байрлалд 24 цагийн туршид төрөл бүрийн даалгавар биелүүлж яваа ажээ.
Р.Энхболд