Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн хэлбэрээр олгох, хуримтлалын санд хадгалах, эрсдэлтэй байгаа салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой талаар Шадар сайд Т.Доржхандаас тодрууллаа.
Надад гурван их наяд байсан бол Эрчим хүчний дэд бүтэц рүү хөрөнгө оруулалт хийнэ. Учир нь бид бүхэн эрчим хүчний дэд бүтэц рүү хөрөнгө оруулалт хийгээгүй 30, 40 жил болжээ. Үүнээс үүдэж цахилгаан, дулаан болон барилга байгууламжийн хангамж хүрэлцээгүй байдал үүсээд байгаа. Харин судалгаанаас харахад эрчим хүчний салбарт нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд хамгийн багадаа гурав, таван төгрөг болж буцаж орж ирдэг үр ашигтай салбар. Бид бүхэн уул уурхайн орон гэдэг байсан бол одоо гадаадын хөрөнгө оруулалт уул уурхай гэхээс илүүтэй эрчим хүч рүү чиглэж байна. Яагаад гэвэл хиймэл оюун ухаан бүх салбарт ажлын байрыг орлож байна. Тэрхүү хиймэл оюун ухаан хаанаас тэжээл авч байгаа гэхээр цэвэр эрчим хүчнээс хамааралтай юм. Тиймээс дэлхий даяар цэвэр эрчим хүч болон эрчим хүч үйлдвэрлэх түүхий эд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Агаар, салхи, нарыг эрчим хүчдээ ашиглахын тулд дэд бүтэц маш их хэрэгцээтэй. Манайх хуучирсан учир шинэ зүйл нэвтрүүлж чадахгүй нөхцөл байдалтай байна. Дэд бүтцийн асуудлыг шийдэж чадвал уул уурхай биш агаар, салхи болон нарнаас эрчим хүч гаргах боломж бид бүхний өмнө бий.
Олон улсын судалгаанаас харахад хиймэл оюун ухаанаас өгөөж хүртэх таван улсын нэг нь Монгол байсан. Энэ нь өөрөө цэвэр эрчим хүч юм.
Үндсэндээ 2027 онд эрчим хүчдээ илүү анхаарах ёстой гэдгийг Засгийн газарт хэлсэн. Нэг талаараа дата төв байршуулснаар 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой юм. Гэтэл дата төвийг оруулж ирээд ашиглах гэхээр дамжуулах шугам байхгүй, эрчим хүчний дэд бүтцээс шалтгаалж асар их боломжоо алдаж байна.
Оюутолгойгоос авах гурван их наяд төгрөгийн хоёр их наядыг нь дэд бүтцийн хүрээнд ашиглана гэж Засгийн газар ярилцаж байсан. Гэвч дэмжигдээгүй өнгөрсөн. Сүүлийн 35 жилийн хугацаанд ардчилсан зах зээлийн нийгэмд шилжсэн энэ үед гаргасан хамгийн том алдаа нь дандаа бэлэн мөнгө тараах, халамж байсан. Энэ нь ажил хийх сонирхолгүй болгож, халамжийн тэтгэмжид найдах нөхцөл бүрдүүлсэн. Сонгуулийн үед ихэвчлэн төсөв тэлдэг. Энэ үеэр дандаа бэлэн мөнгө тараах үйл явц явагддаг. Ямар ч иргэн цалингаа нэмэгдүүлэх, бэлэн мөнгө авах, ахмадууд тэтгэврээ нэмүүлэхийг хүсдэг. Гэвч өнөөдөр бэлэн мөнгө тарааж болохгүй. Зөвхөн Монгол гэлтгүй Америк хүртэл цаана чинь хэцүү нөхцөл байдалтай байна. Энэ бүхэн үнийн өсөлттэй холбоо хамааралтай зүйл юм. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, бэлэн мөнгө тараах тусам эргээд иргэдийн бодит орлого буурна. Өнөөдөр мөнгө олгож болох ч маргааш бид бүхэн илүү их хохирох эрсдэлтэй гэдгийг харах нь зөв байх.








































































