Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашгийн талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийг авч ирэхээр ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа. Миний хувьд ногдол ашгаа эхэлж авах нь чухал байна. Харин ногдол ашгийн зарцуулалтын тухайд Засгийн газар 2027 оны Төсвийн тухай хуулиа өргөн барихдаа хоёр их наяд төгрөгөөр нийгмийн шинжтэй суурь асуудлуудаа шийдье гэсэн. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэе. Нэг их наяд төгрөгийг нь Хуримтлалын санд хадгалъя гэж шийдвэрлэсэн. Ингээд хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хэлэлцүүлэгийн явцад иргэдээс санал авсан. Иргэдийн зүгээс Баялгийн сангийн хуулийн хүрээнд Хуримтлалын санд хуримтлуулж ашиглах нь зүйтэй гэсэн. Улмаар Засгийн газар өргөн барьсан хуулиа татаж авсан. Одоо бид гурван их наяд төгрөгөө оруулаад ирвэл Хуримтлалын санд хийнэ. Үүнээс Төсвийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу нэг их наяд төгрөгөө дээр хэлсэн боловсрол, эрүүл мэнд, ипотект зарцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа өчигдөр илэрхийлсэн. Түүнийг Ерөнхийлөгчийн өөрийн байр суурь гэж харж байгаа. 100 мянга гаруй иргэн бэлэн мөнгө авна гэсэн санал гаргасан байна.
Засгийн газар гурван их наяд төгрөгийг оруулаад ирлээ гэхэд, үүнийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тарааж өгвөл инфляц 2-3 хувиар өснө.
Эргээд эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Тиймээс миний хувьд бэлэн мөнгө тараахгүй гэдэг байр суурьтай байгаа. Ямартай ч эхлээд гурван их наяд төгрөгөө оруулж ирэх нь чухал байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.








































































