Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхэд боллоо. Шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч Ц.Зориг, шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар оролцож байна.
Анхан шатны шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болж яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон билээ.
Өнөөдөр болсон Хяналтын шатны шүүх хуралдаанаас ялын хэмжээг бууруулж Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноолоо. Ингэхдээ ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүний амь нас хөнөөсөн хэрэгт дээд тал нь 20 жилийн хорих ял оноох заалтыг үндэслэн ийнхүү эцсийн шийдвэрийг гаргасан байна.