Эртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ.
Тэгээд ханан гэрээсээ явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнээ.
Удсан ч үгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсон сураг дуулдаж эмгэн хөл нь газар хүрэхгүй ихэд баярлан хүүгээ хүлээж эхлэв. Гэтэл гурав хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг үнэхээр харсан боловч хүү нь амьд биш, хүүгийн цогцос л хүргэгдэн иржээ.
Долоон бурхан эмгэний хүсэлтийг яг таг биелүүлжээ.
Эмгэнийг амьдад нь хүүг нь харуулсан. Эмгэн хүсэхдээ, өөрийг нь л үхэхээс өмнө хүүг нь харуулаач гэснээс бус үхэхээс минь өмнө хүү минь эсэн мэнд эргээд ирээсэй гэж хүсээгүй, өөрөөр хэлбэл хүслээ зөв илэрхийлж чадаагүй байжээ.
Долоон бурханд хэзээ ч өөрийгөө даатгаж болдоггүй гэнэ, учир нь долоон бурханы буулт нь нэг хүнд хүнддэг учраас бусдын сайн сайхны төлөө л долоон бурханд залбирч байх ёстой юм байна. Харин өглөөний ургах наранд бол өөрийнхөө хүслийг даатгаж болдог юм гэнэм.
Манай ухаант хөгшид маань ургахын улаан наранд цай сүүнийхээ дээжийг өргөн байж үр хүүхэд биднийхээ сайн сайхныг даатгадаг байсан нь тийм учиртай юмсанжээ.
Эх сурвалж: buzznews.mn