Нэг сонин түүх яръя.
Да лам Намжилдорж гуай Дэлхийн 2-р дайн дуусахад Төвдийн Барайбүн хийдэд гавьжийн дамжаа барихаар сууж байжээ.
Да ламын танил 13-р Далай Ламын цэргийн яамны сайд, Төвдөд алдар цуу нь түгсэн Царонг гүнвүү-ла хэмээх хүндтэй нэгэн тэднийхтэй айл аймаг байжээ. Гүнвүү нь ноён, ла нь гуай юм шиг байгаа юм. Тэрээр 1959 онд Хятадын чөлөөлөх армийнханд баригдаж шоронд гэнэт үхсэн ажээ.
Бодвол манай Манлайбаатар Дамдинсүрэнтэй нэгэн хувь заяатай төгссөн ажгуу. Нэг өдөр раажив сонсож байгаад Их Наран улс бууж өглөө гэсэн мэдээ сонсоод Да лам ихэд бaярлаж, Царонг гуайнд ороод энэ мэдээгээ яаран дуулгасан гэнэ.
Гэтэл Царонг гуай баярласангүй, царай нь жаахан барайж, бодол болж байснаа \”-За тэр чинь их муу юм болжээ. Азидаа хамгийн чадалтай нь тэд байлаа. Ингээд дарагдлаа. Цагаан хүмүүсийн улсын өөдөөс сөрөөд зогсож чадах улс Азидаа тэд л байлаа. Биднээс арай дөмөг нь тэд юм шүү дээ. Тэгээд ч тэд дарагдчихаар Их Хятад толгойгоо өндийлгөнө. Тэгэхээр төвд, монголгүй нэгэн цагт газрын хөрснөөс арчигдах болно. Мөн их тусгүй юм болжээ.\” хэмээн хариулжээ.
Тухайн үедээ Да лам ихэд гайхаад өнгөрсөн боловч түүнээс 20 жилийн дараа Америкт ирээд учрыг тайлан ойлгож, шавь Лувсанхайдавтаа энэ тухай хүүрнэн ярьсан байна. Ухаантай хүн бол хэдий ч гэсэн их холыг харж чаддагийн нэгэн жишээ энэ юм. Манай улс төрчдөд одоо ийм л холын хараа, алсын бодол, доод суурь, дотор ухаан дутаж байна.