Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Солонготын даваанд болсон ослын улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг тогтоож, шаардлагатай арга хэмжээ авахаар газар дээр нь ажиллаад иржээ.Уг ажлын хэсэгт БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, орон нутгийн засаг захиргааныхан багтсан бөгөөд энэ сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд ослын газартай танилцаж, Их-Уул сумын иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр холбогдох мэргэжлийн байгууллагууд ослын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд товч танилцуулжээ.
Тодруулбал, ослын улмаас асгарсан 1600 л азотын хүчил, 6000 л давсны хүчил, 1т хөдөлгүүрийн тос, 600л дулаан солилцооны тос, 810 л явах ангийн тос асгарч, 1-1.5м өргөн, 450м урт газрыг хамарч урссан байсныг саармагжуулан нөхөн сэргээлт хийн, бохирдсон шороог Их-Уул сумын нэгдсэн хогийн цэгт буулгасан байна.
Эх сурвалж: БОАЖЯ