Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтсийн ажил идэвхжээд эхэллээ. Тэд Зам тээврийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүү
үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл тус хэлтсийн шалгаж байгаа бас нэг ноцтой хэрэг
бол нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан Нийгмийн
даатгалын ажилтнуудын холбогдсон хэрэг юм.
Тодруулбал, Нийслэл
болон орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн
хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байж. Одоогоорнас барсан 10 гаруй мянган иргэдийн нэр яригдаж байгаа аж.
Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн
даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын
бүртгэлээс хасдаггүй. Улмаар арилжааны банкуудтай хуйвалдан амьд мэтээр улсаас
тэтгэврийг нь авсаар байсан байна.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтсийн мөрдөн байцаалт өргөн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд нийслэл,
орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн холбогдох
ажилтнууд тус хэрэгт холбогдож байгаа нь зохион байгуулалттай гэмт хэрэгт
тооцогдоно гэдгийг эх сурвалж хэлжээ.
Одоогоор хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа.
Гэвч үлэмж их хэмжээний мөнгөн дүн яригдаж буй юм. Энэ нь сүүлийн үед бий
болсон шинэ хэрэг биш юм. Харин олон жилийн турш нууцаар үйлдэгдэж байсан
бугшсан хэрэг гэдгийг онцоллоо.
А.Аюуш