Авлигатай тэмцэх газар /АТГ/-т төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн албаныхан хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөх ёстой. 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хугацаа хоёрдугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Хуулийн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх ёстой 272 төрийн өндөр албан тушаалтнууд байх ёстойгоос 271 нь хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. Төрийн өндөр албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй ганц хүн нь Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга асан, Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ны гишүүн Б.Билэгт аж. Түүнд АТГ-аас хөрөнгө, орлогоо мэдүүлэхийг сануулсан боловч гаргаагүй юм байна. Тиймээс авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх саналаа СЕХ-НЫ удирдлагад хүргүүлэхээр болжээ.
Б.Билэгт 2012-2015 онуудад хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т хуулийн хугацаанд нь гаргаж өгч байжээ. Харин 2017 оны хөрөнгө орлогоо яагаад мэдүүлээгүй юм бол. Хуулийн хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй Б. Билэгтэд ямар хариуцлага хүлээлгэх вэ.
Авлигын эсрэг тухай хууль
13 дугаар зүйл. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэл:
- 8.1.нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;
- 8.2.зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
- 8.3.зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
- 8.4.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.
- 9.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.