Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 7-р хуралдаан болж “Хөх сувд-2018” мөсний баярын арга хэмжээний зохион байгуулалт, цаашид анхаарах асуудлын талаар авч хэлэлцлээ. Мөсний баяр энэ жил амралтын өдрүүдэд болсон учраас олон иргэд ирж оролцсон байна. Мөн иргэд автомашины араас хүүхдээ олсоор чирэх тохиолдол их байсан бөгөөд хүүхдээ чирж явсан 10 жолоочийг цагдаагийн алба хаагчид журамласан байна.
Энэ нь иргэд дараа нь гарах үр дүн эрсдлийг тооцохгүй зугаацах байдал нь хүн бэртэх гэмтэх, амь насаа алдахад хүргэх аюултай гэдгийг Цагдаагийн газраас анхааруулж байлаа. Дараа жилээс 24 цагийн хяналтын постыг тогтмол ажиллуулж Хөвсгөл нуур орчмыг бүрэн хамгаалалтанд авах шаардлагатайг Онцгой комиссын гишүүд хэлж байв. Баярын үеэр онц ноцтой хэрэг зөрчил гараагүй бөгөөд мөсний баяр болсон газраас 10 гаруй км-ын хол Хатгал тосгоноос зүүн урд зүгт Эгийн голд нэг иргэн осолдсон гэдгийг Цагдаагийн газраас мэдээлж байна.
Мөсний баярын эхний өдрийн арга хэмжээнд 15 мянга гаруй иргэн, дараагийн өдөр 5000 гаруй нийт 20 гаруй мянган иргэн ирж оролцсон байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Мөсний баярыг зохион байгуулах комисс, төрийн албан хаагчид сайн ажилласан гэсэн дүгнэлтийг Онцгой комиссын хуралдаанаас өгч, дараа жил анхаарах асуудлуудыг авч хэлэлцлээ.