Буддын гүн ухааны дээд Лхаарамба цолыг Ардын хувьсгалаас хойш анх удаа Д.Жавзандорж хүртсэн талаар шавь нарын төлөөлөл, СумадиГирди төвөөс өнөөдөр хэвлэлд мэдээллээ. Хэвлэлийн хурлын үеэр Бурхан шашны СумадиГирди төвийн тэргүүлэгч Н.Ариунтулга мэдээллэхдээ “Өмнөд Энэтхэгийн Гомондацанд суралцаж байсан гаарамба Д.Жавзандорж багш маань лхаарамба цолыг амжилттай хамгаалж төгссөн. Энэхүү нэр хүндтэй цолыг хүссэн хүн бүр аваад байдаггүй бөгөөд Энэтхэгт хэдийнэ хүлээн зөвшөөрөгдөх үндэс суурь тавигдсан. Бидний багш 1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилж байгаад, 1998 оны эхээр Энэтхэгийг зорьсон байдаг. Өдгөө 300 орчим шавьтай бөгөөд төлөөлөл нь бид бүхэн юм. СумадиГирди төвийн үйл ажиллагааны хувьд энэ эрхэм хүнийг Монголд байх хэсэг хугацаанд хүндлэл үзүүлж, залах зорилгоор байгуулагдсан. Тэрээр Далай багшийн 80 насны ойгоор 10 000 шавиас хамгийн их ном цээжилсэн хоёр хуврагын нэгээр шалгарч байсан удаатай” гэв.
Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах “Энэтхэгт гүн ухаанаар суралцаж байгаа 8 сургуулийн 10 000 лам бий. Эдгээр лам Лхаарамба цолыг хүртэхийн тулд Буддын гүн ухааны 5 ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж дүүргэн лхаарамбын шалгалтанд орох эрхээ авдаг. Үүний дараа 6 жилийн шалгалтанд тэнцэж байж тус цолыг хүртдэг. Мөн жил бүрийн шалгалтаа хэр өгсөн гэдгээс хамаардаг бол багш 6 жилийн шалгалтынхаа 4 жилд нь тэргүүлж, 2 жилд нь хоёрдугаар байранд орж байсан амжилтаараа энэтхэгийн буддын ертөнцөд анхаарал татсан юм. Энэ жилийн хувьд лхаарамба цолоо мөн л тэргүүн байрт хамгаалж, анги дамбын лхаарамба болсон. Олон орны шавь нар нь түүнийг Монгол багш хэмээн хүндэтгэн дууддаг байна. Монголд байх хугацаандаа аймаг, орон нутгаар явж сүсэгтэн олонд лекц уншдаг. Айлтгал тавихдаа хүний амьдралд ойр, шинжлэх ухаан, философитой холбож тайлбарладаг” гэлээ.