Энэ сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 42 хувь нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км байна.
Тухайлбал, Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь 0.96 шоо.км бол Хараа, Ерөө, Хэрлэн , Улз, Халх голын савын 90 хувь нь цастай, цасны усны нөөц нь 0.40 шоо.км байна. Харин Увс нуур, Тэс голын савын 85 хувь нь цастай, цасан дахь усны нөөц нь 1.36 шоо.км байна.
Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг ЦУОШГ-аас зөвлөж байна.