Жолооч нар зөрчлийн оноогоо харах болон мөн гомдол мэдээлэл өгөх, эрэн сурвалжилж буй иргэдийн мэдээлэл, хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг цахимаар өгөх, авах зэргээр хандах боломжтой.
Жолооч бүр зөрчлийн 10 оноотой бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байгаа. Гэхдээ алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан шалгалт өгч нөхөн авах боломжтой. Жолооч та зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан бол 2 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ. Шаардагдах баримт:
1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
2.Хууль, дүрмийн 2 цагийн сургалтад хамрагдсан тодорхойлолт
3.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк – Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын СХГазар/
Мөн таны жолоочийн зөрчлийн оноо дуусаагүй ч алдсан оноогоо Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.
Та Цагдаагийн ерөнхий газрын http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноо буюу жолоодох эрхийн лавлагаагаа болон бусад мэдээллийг үзээрэй.