Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 403 дугаар нээлттэй хорих ангид хоригдож байгаа Г.Нямдоржийн ээж “хүүг маань магадланд орох хугацаа нь болсон байхад прокуророос хувийн хэргийг нь буцаасан” гэх ярилцлагыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өгсөн байна. Энэ ярилцлагатай холбогдуулан хоригдол Г.Нямдоржийг хорих ял эдлэх хугацаа дуусахаас өмнө магадлангийн хурлаар оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 403 дугаар нээлттэй хорих ангиас ирүүлсэн материалыг хорих ангид буцаасан шалтгааныг тодрууллаа.
Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”…ялтан зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж,…ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй,…оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно…” гэж заасан байдаг аж.
Гэтэл Г.Нямдорж нь 403 дугаар нээлттэй хорих ангид хоригдож байхдаа 2017 оны аравдугаар сарын 16-ны өдөр тус ангийн даргын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, албан хаагчийн аюулгүй байдлыг хангах аюулгүйн тойрог тогтоох журмыг зөрчсөн болох нь албаны шалгалтаар тогтоогдсон тул 403 дугаар ангийн даргын 2017 оны аравдугаар сарын 17-ны өдрийн в/29 дүгээр тушаалаар сахилгын байранд 30 хоног хорих сахилгын шийтгэл оногдуулжээ. Иймд хоригдол Г.Нямдорж нь Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, ял эдлэх хугацаандаа зөрчил гаргаж байсан тул энэ удаад хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоох саналыг шүүхэд хүргүүлэх боломжгүй гэж үзэж хорих ангийн даргын санал, тодорхойлолт, хоригдлын хувийн хэргийг Төв аймгийн прокурорын газраас 2018 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хорих ангид буцаан шийдвэрлэсэн юм байна.