АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама хоёр жилийн өмнө Вьетнам улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тогооч Энтони Боурдиантай хамт сууж байсан ширээний зураг олон нийтийн хүртээл болоод байна. Хоолны иж бүрдэл, шар айрагны хоосон лонхнуудаар дүүрсэн тэрхүү ширээг шилэн хоргонд хийж дурсгал болгон авч үлджээ. Хоёр алдартай эрийн идсэн хоол нь зургаан ам.долларын үнэтэй аж.
Ханой хотын гудамжинд байрлах тус хоолны газрын эзэд тэрхүү ширээ, хуванцар сандлыг үзмэр болгож, ирсэн зочдодоо үзүүлдэг юм байна. “Үйлчлүүлэгчид маань энэ ширээнд их дуртай, хажууд нь зогсож зургаа их авахуулцгаадаг. Бидний хувьд үүрд дурсаж санах сайхан дурсгал болсон. Энэ бол сурталчилгаа биш шүү” гэж зоогийн газрын эзэн Бун Ча Хуонг Лиен ярьжээ. Обама, Боурдиан нарын 2016 онд авахуулсан анхны зураг нь олон нийтийн сүлжээнд хандалт их авч, 120 гаруй мянган лайк, олон мянган коммент цуглуулж байсан билээ.
Б.Болормаа