Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд ажиллуулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ.
Шалгалтыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний 5 шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад явуулна.
Автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх аж.
Мөн дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах юм байна. Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч нар хамтран хяналт, шалгалт явуулж байна.
Иймд иргэд та бүхэн автозамын нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхаарууллаа.
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар