Бээжин хотноо XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган энэ сарын 17-ны өдөр бүгд хурал хуралдуулж, Ши Жиньпинийг 100 хувийн саналаар БНХАУ-ын дарга, БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн даргаар сонгосон байна. Тус хурлаар мөн Ли Жяньшү-г XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар сонгож, Ван Чишанийг БНХАУ-ын орлогч даргаар сонгожээ.
XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы V бүгд хурлын дараа, үндсэн хуулийн өмнө тангараг өргөх ёслол хийсэн байна. Энэ бол Үндсэн хуулийн өмнө тангараг өргөх тогтолцоог хэрэгжүүлснээс хойш, Хятадын удирдагчид анх удаагаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдэд хандан Үндсэн хуулийн өмнө тангараг өргөх ажиллагаа зохион байгуулсан хэрэг болно.
Харин өчигдөр буюу энэ сарын 18-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган Ардын их хурлын ордонд VI бүгд хурлаа хийв. Ши Жиньпиний нэр дэвшүүлсний дагуу санал хураалтаар Ли Кэчянг БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд болохыг батлав. Ийнхүү Ши Жиньпин нэгдүгээр тоот зарлигт гарын үсэг зурж, Ли Кэчянг төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар томиллоо.
Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нар тус хуралд оролцжээ. Хуралд нийт 2980 төлөөлөгчдөөс 2966 төлөөлөгч оролцсон нь хуульд тогтоосон хүний тоонд нийцсэн аж.