Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, допинг илэрсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргажээ.
Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны 12 дугаар сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ дахь итгэмжлэгдсэн лаборторид шинжлүүлсэн. Уг шинжилгээгээр хориотой төрлийн бодис илэрсэн улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарт “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдуулсан байна.