Монгол Улс хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулах тоглоом наадамд оролцуулсан уяачдад 100 мянган төгрөгийн торгууль ногдуулах хуулийн заалттай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.20 буюу “Хүүхдийн эрхийг зөрчих” тухай зүйлд: Хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100 мянган төгрөг/, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /1 сая төгрөг/ торгоно гэж заажээ.
Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний тогтоолоор хаврын тэргүүн сарын шинийн 3-наас тавдугаар сарын 1-ний хооронд болдог уралдаанд 12-оос доош насны хүүхдүүдийг хориглосон.
Тэгвэл уржигдар Говьсүмбэр аймагт болсон “Дүнжингарав” морин уралдаанд 10-13 насны унаач хүүхдүүдийг оролцуулж Засгийн газрын шийдвэрийг зөрчжээ. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас унаач хүүхдүүдийг тэмцээнд бүртгэсэн бөгөөд уяачид 12 настай хүүхдийн гэрчилгээгээр 10-11 настай хүүхдүүдийг бүртгүүлсэн зөрчил гаргасан байна. Тэгвэл ийм зөрчил гаргаж, хуурамчаар бүртгүүлээд хүүхдийн амь насыг аюултай байдалд оруулах эрсдэл бий болгосон уяачдад Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгийн хариуцлага тооцохоор болжээ.