Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч нар хамтран нэгдүгээр эгнээгээр яваа машинуудыг илрүүлхээр хяналт, шалгалт хийгээд хэд хонож байгаа билээ. Тэгвэл нэгдүгээр эгнээгээр автомашин зорчихыг хориглосон шийдвэрээ дагаж чадахгүй байгаагаас болоод өнгөрсөн долоо хоногоос нэгэн шинэ ажлын байр бий болжээ.
Олон нийт энэхүү ажлын байрыг “Хүн камер” гэж нэрийдсэн сурагтай. Үглүүлж дуулуулахгүй л бол автомашинууд дүрмээ биелүүлэхгүй байсан тул арга ч үгүй биз. Дэлхийн улс орнууд техник технологитой хөл нийлүүлэн алхаж, хөгжин дэвшиж байхад манай улс дэлхийн хөгжлийн замаас хоёр алхмаар ухарч орчин үеийн Монгол улсад тодруулбал 21-р зууны Монголд хүн камер зогсоогоороо үйл ажиллагаагаа явуулж байна.