Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг УИХ-ын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн билээ.
Гэвч тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын Газраас “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй ” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдыг албан тушаалыг горилж буй Ё.Отгонбаярт тус улсад суух элчин сайдаар томилогдохыг зөвшөөрсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл ирлээ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч удаан хугацаагаар хойшлуулаад байсан Элчин сайд нарын дотроос Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг зөвшөөрсөн бололтой.