Монголын Оюун Ухааны Академиас санаачлан жил бүр зохион байгуулдаг ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 8 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 27, 28-нд Монгол-Японы төв дээр болно. Тус тэмцээний сүүлийн шатанд нийт 80 тамирчид бага, дунд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр 90 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнд Олон улсын их мастер 3, Их мастер 3, Олон улсын мастер 6, Азийн мастер 3 нийт олон улсын зэрэгтэй 15 тамирчин оролцоно.
Улсын аварга шалгаруулах тэмцээн нь нэр – зүс царай, тооны марафон, зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хурдны хөзөр зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар, Монголын Ой тогтоолтын Спортын Холбооны Нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Дасгалжуулагч, багш Ө.Сэнгэсамдан нар ажиллах ба сүүлийн шатны шалгаруулалтад оролцсон тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ.