Азийн зуны спортын XVIII наадам энэ оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдах билээ. Тус наадам эхлэхэд 144 хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд 45 орны 10 мянга гаруй тамирчид, спортын 40 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх бөгөөд энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон улс, орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдах Азийн наадам болох аж.
“Жакарта – 2018” Азийн наадмыг сурталчлах, Олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, баг тамирчдаа дэмжих зорилгоор Азийн Олимпийн зөвлөлийн ивээл дор “Asian Games-Fun Run” Хөгжөөнт гүйлтийн арга хэмжээ АНЭУ, Катар, Мальдив, БНЛивУ зэрэг улсуудаар амжилттай буухиалан өрнөж байна.
Харин тавдугаар сарын 14-ний өдөр “Asian Games -Fun Run” Хөгжөөнт гүйлтийн арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд Монголын үндэсний олимпийн хорооноос бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байгаа аж.
Уг арга хэмжээнд Монгол улсын нийт аймаг, дүүргүүдийн төлөөлөл хүүхэд, залуучууд болон Азийн олимпийн зөвлөлийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох юм байна.