Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч Нельсон Манделагийн гарны алтан хэв 10 сая долларын биткойноор зарагдлаа. Канадын крипто валютын “Arbitrate” компани Өмнөд Африкийн бизнесмэн Малколм Данкэнаас дөрвөн хэвийг худалдан авчээ.
Тус компани нь арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэж ирсэн домогт удирдагчийн амьдралын замналын талаар залуу хүмүүст мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор “Нельсон Манделагийн алтан гар” олон улсын аяллыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь биткойноор зарагдсан Нельсон Манделагийн гараар бүтээсэн анхны дурсгалын зүйл болж байгаа аж.
Тэрээр Өмнөд Африкт цагаан арьстануудын цөөнхийн ноёрхлын эсрэг тэмцсэнийхээ төлөө 27 жилийн турш шоронд хоригдож байгаад 1990 онд суллагдаж, 1994-1999 он хүртэл тус улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. 2013 онд 95 насандаа таалал төгссөн ноён Манделагийн нэр төр өдгөө бизнесмэн болоод зураачид ашиг орлого олох гол брэндүүдийн нэг болжээ.
Бизнесмэн Данкэн нь уг гарын хэвийг 2002 онд уул уурхайн “Harmony Gold” группээс 31,000 доллараар худалдан авсан аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уурхайн “Harmony Gold” группт төлсөн мөнгөний тэн хагасыг хандивын үйл ажиллагаанд зарцуулна гэжээ.
Б.Болормаа