Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын ‘Фрейткоммодити консалтантс’ ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өчигдөр нэгжлэг хийжээ. Цагдаагийнхан анх тус компанид үзлэг хийсэн ч санхүүгийн зарим баримт бичгийг гаргаж өгөөгүй тул нэгжлэг хийсэн аж. Д.Жүгдэрням нь Хонконгод бүртгэлтэй ‘Class trading limited’ компаниар дамжуулан сүүлийн 4 жилд 7.5 сая ам.доллар хил гаргаад мөн буцаан оруулж ирсэн бололтой. Оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх энэхүү хэргийг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар тус тусдаа мөрдөн шалгаж буй гэх мэдээлэл байгаа бөгөөд өнөөдөр цагдаагийнхан прокурорын зөвшөөрөлтэйгээр УБТЗ -аас хоёр баримт гаргуулахаар болсон тухай ч яригдаж байгаа юм байна.