Энэ сарын 29-нд Москва хотын Никулин дүүргийн шүүхээс Оросын зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн загалмайлсан эцэг Захарий Калашовт чанга дэглэмтэй шоронд 9 жил 10 сар хорих ял оноолоо.
Түүнийг зохин байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулж, бусдаас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэгт буруутгасан байна.
Оросын хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдийн мэдээлж байгаагаар Шакро Молодой хочит Гүржийн бизнес эрхлэгч Захарий Калашов нь Оросын топ гэмт хэргийн толгойлогч Аслан Усоян буюу Дед Хасаныг алуулсны дараа тус улсын гэмт хэргийн ертөнцийн “хаан” болсон ажээ. Түүний толгойлсон гэмт хэргийн бүлэглэл 2015 оны 12 дугаар сард Москвагийн Elements рестораны захирлыг айлган сүрдүүлж, 8 сая рубль дээрэмдэх гэж оролдсон бөгөөд энэ үеэр буудалцаан болж, хоёр хүн амь насаа алдсан байна. Тухайн үед тэрээр ихээхэн хэмжээний хахууль өгч, өөрийн хүмүүсийг шоронгоос суллах гэж оролдсон боловч 2016 оны долоодугаар сард цагдаа нарт баривчлагджээ. Цагдаагийн газраас Шакрог энэ хэрэгт холбоотой хэмээн үзэж, түүнтэй холбоотой хэд хэдэн цагдаагийн өндөр албан тушаалтныг ажлаас нь халж байсан юм байна. Тэрээр өмнө нь хэд хэдэн удаа шоронд сууж байсан засаршгүй этгээд аж. Оросын мафийн загалмайлсан эцэг удаан хугацаагаар нарсанд суух болсон тул өдгөө тус улсын гэмт хэргийн бүлэглэлүүд хэнийг босс болгохоо хэлэлцэж байгаа ажээ.