Холливудын нэрт жүжигчин Леонардо Дикаприогийн гол дүрд нь тоглосон “The Beach” киноны зураг авалтыг хийсэн Тайландын байгалийн үзэсгэлэнт тогтоцтой далайн эргийг түр хугацаанд хаах шийдвэрийг эрх баригчид гаргажээ.
Кох Фи Филе-ийн Тай арал дахь Маяа эргийг ирэх зургадугаар сараас хойш дөрвөн сарын турш хаах аж. Албаны хүмүүсийн ярьсанчлан уг газар жуулчдын хөл хөдөлгөөнд дарагдаж, ийнхүү их хэмжээний хохирол амсахад хүрсэн байна. Тиймээс тодорхой хугацаанд хааж байгаа нь жуулчдаас үүдэлтэй байгаль орчны хохирлыг арилгаж, нөхөн сэргээх зорилготой юм байна. Урьд нь жуулчид ихээр зорчдог байсан тул тэдэнд нийцүүлэхийн тулд тус эргийн хэсгийг байнгын нээлттэй байлгадаг байжээ.
“Тус арлууд нь хэт олон тооны зочин хүлээн авсан, завь болон эргийн зочид буудлуудаас болж агаарын бохирдол ихтэй болсон зэргээр эко систем нь маш эмзэг болсон. Тийм болохоор хэсэг хугацаагаар арлыг хаах нь байгалийг эрүүлжүүлэх хамгийн оновчтой шийдэл юм” хэмээн далайн шинжээч Тон Тамронгнавасат ярьсан байна.
Цаашид Маяа эргийг дахин нээхдээ өдөрт 2,000 зочин хүлээн авах хязгаар тогтоож, завьнуудын зангууг удаан хугацаагаар тавихыг хориглох зэрэг шинэ журмуудыг гаргахаар Тайландын Байгалийн цогцолбор газар болон Зэрлэг ан амьтан хамгаалах газар хэлэлцэж байгаа аж. Тайланд нь өнгөрсөн онд 35 сая жуулчин хүлээн авсан, аялал жуулчлал асар хурдацтай хөгжсөн орон юм.
Б.Болормаа