Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Шадын хонхор” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ цахилгаан дамжуулах 15 квт-ын агаарын шугамын тулгуур багана өнгөрсөн 31-ний өдрийн шуурганд унажээ. Энэ тухай мэдээллийг аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер Н.Галбадрах Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Тулгуур багана унасны улмаас тус аймгийн Цагаанхайрхан, Завхан, Өндөрхангай, Завхан аймгийн Тэс суманд цахилгаан хангамж тасарсан аж. Мөн тухайн өдөр Увс аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурсан тул Баруунтуруун, Зүүнхангай, Зүүнговь, Ховд сумуудын чиглэлийн цахилгаан хангамжийг 16:30 цагаас дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 08:40 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарлалт хийжээ.
Дөрөвдүгээр сарын 01-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд, нийт 8 алба хаагч гэмтлийг засварлаж, 18:30 цагт сумдыг цахилгаан эрчим хүчинд холбон ажилласан байна.