Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Данзангийн цагаан буйр” гэдэг газар тус сумын харъяат малчин Ц-гийн хүү 4 настай Б /эрэгтэй/ өчигдөр орой 18:00 цагт гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болжээ.
Хүүг алга болсон талаар 10-ны үүрээр 04:00 цагт мэдэгдэж, уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэний хамт 30 минутын дараа буюу 04:30 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.
Малчин Ц-гийнх аймгийн төвөөс баруун зүгт 30 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т нутагладаг байна.
Мөн Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт иргэн Н-ийн 11 настай хүү Э /эрэгтэй/ нь энэ сарын 6-ны өдрийн 10:00 цагт гэрээсээ гарч яваад алга болсныг 7-ны өдөр олсон байна. Хүүг алга болсон тухай дуудлагыг 7-ны 01:25 цагт өгчээ. Дуудлагы дагуу тус аймгийн Онцгой байдлын 6 алба хаагч, цагдаагийн 5 алба хаагч, ар гэрийн 1 хүн, нийт 12 хүн, 7-ны өдрийн 11:22 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд эрлийн дүнд хүүг 17:55 цагт тус сумын шинэ хорооны айлд байсныг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.