Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Агт” гэдэг газар 56 настай зорчигч эмэгтэй сураггүй алга болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн шөнө 02:30 цагт иржээ. Тодруулбал, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т явж байсан иргэн Г-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн өчигдөр 20:00 цагийн орчимд сураггүй болсон байна.
Тэд “Хавирга” боомтоос Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан бөгөөд онцгойгийнхон алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдөр 07:05 цагт тус сумын “Алт” гэдэг газар “Хавиргын боомт”-ын зам дагуух цайны газраас эсэн мэнд олжээ.