Булган аймгийн Орхон сумаас 90 км-т, Бөхт багийн “Цагаан давлан” ууланд жимс түүж явсан найман хүнээс Булган сумын харьяат иргэн О-ийн 15 настай охин М сураггүй алга болжээ. Сураггүй болсон талаар өчигдөр буюу энэ сарын 5-ны өдрийн 16:10 цагт мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийнхнийх нь хамт нийт 15 хүн тухайн өдрийн 18:55 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн аж. Улмаар алга болсноос нь хойш 10 гаруй цагийн дараа буюу урьд шөнө 02:30 цагт “Цагаан давлан” уулаас зүүн зүгт 23 км “Азрагын даваа” гэдэг газраас охиныг эсэн мэнд олжээ.
Бидний өмнө мэдээлж байсан Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар өнгөрөгч долдугаар сарын 13-ны 11:00 цагийн орчимд согтуу гараад сураггүй болсон Багануур дүүргийн харьяат 57 настай иргэн Ж /эрэгтэй/ одоо болтол олдоогүй байна.
Гэтэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн “Хүрэмт” гэдэг газар Өв-Өгөөмөр ХХК-ийн “Өгөөмөр” сувилалд амарч байсан Арвайхээр сумын харьяат 80 настай иргэн С /эмэгтэй/ бас алга болжээ. Тэрээр өчигдөр буюу энэ сарын 5-ны 17:00 цагт сураггүй алга болсон бөгөөд энэ тухай дуудлагыг мөн өдрийн 22:15 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид сувиллын газрын хүмүүсийн хамт нийт 15 хүн 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхлээд байна.