МАСК продакшны жүжигчин М.Баярмагнай бол хошин урлагтаа бас л луйгаруудын тоонд орохоор болсон нэгэн. Тэрээр энэ урлагийн босгыг анхлан давах үед тулгарсан асуудалдаа сэтгэл гундуухан байх үед жүжигчин Л.Баттулга буюу Аглуу дэм хайрлаж, зориг өгсөн удаатай аж.
Уг нь жүжигчин Аглуу “Гэрэлтэй цонх” хөтөлбөрт өчигдөр оролцсон юм. Харин нэвтрүүлгийн үеэр жүжигчин Аглууг уран бүтээлийн нэгэн хамтрагчтай нь дэлгэцээр шууд уулзуулсан нь Баярмагнай байв. Ингээд жүжигчин М.Баярмагнай Аглуутай холбогдсон сайнаас авахуулаад саар хүртэлх арвин түүхээсээ өчүүхэн хэсгийг хуваалцлаа.
Тэрээр Аглуугийн сайн талын дурсамжаас хуваалцахдаа “Анх “Гайхмаараа” гээд шоунд гол дүрүүдийг надад өгсөн юм. Тэгээд тайзан дээр сургуулилт хийх явцад намайг болохгүй юм байна, “Гайхмаараа” гэдэг дууг нь л дуулчих гэсэн. Тэгээд л би өөрийгөө жүжигчин биш юм байна, больё гэж бодоод сэтгэл санаагаар унаад оюутны байрандаа байж байх үед Баттулга буюу Аглуу ах минь эр хүний нуруу хугарах ёсгүй, дууг нь дуулаад масст нь тоглоод үз гэж хэлснээр би тоглолтондоо орж байлаа. Үүнээс хойш бид хоёр нарийн нандин холбоотой явдаг болсон хоёр доо. ” гэж ярьлаа.
Харин саар талынх нь тухайд ярихдаа Аглуу ахаасаа нэгэн зүйлийг гуйсан юм. Тэрээр “Саар ч юу байхав дээ. Хааяа орой үдэш утас дуугардаг юм. Хүнд баярлах, гутрах янз бүрийн л юм гаралгүй яах вэ. Сто грамм яачихдаг юм уу, мэдэхгүй. Би тэрийг нь сайн анзаардаггүй юм. Утасны цаанаас “Чи хаана байна? Гялс уулзах уу, уулзъя л даа гээд орой үдэш залгадагаа жоохон болимоор байна шүү. Энүүхэндээ л гэж хэлэхэд. Бас гарнаа, гараад хоёулаа янз бүрийн зүйлийн талаар ярилцана шүү дээ. Тэгэхээр их дотно ах дүүгийн шинж юм болов уу, ах минь намайг бас хуурай дүү минь гэж боддог юм болов уу гэж боддог.” гэлээ.
Хөтлөгчийн зүгээс “Залгах давтамж хэр ойрхон бэ?” гэсэн асуултад М.Баярмагнай маш хурднаар хариулахдаа “Ойрхон ш дээ. Гараад 5 минут болов уу, үгүй юу, тэр хооронд 10 залгаж байгаа юм чинь. Сүүлийн үед ажил ихтэй, залгахгүй л байна лээ. Ажил нь дуусаад амралтын үед залгах байлгүй. Наргиан болгож ярьж байгаа юм шүү. Гэхдээ наргианы 80 хувь нь үнэн байдаг шүү.” хэмээн хошигноод авлаа.