Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ. 2017 онд багш нар болон ШУ-ы салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэх, бодит орлогоо нэмэгдүүлэх асуудлаар УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага тавьж, ажил хаялт хүртэл зарлаж байсан. Гэвч гаргасан шийдвэрүүд нь одоо хүртэл бодит үр дүнгүй байна хэмээн мэдэгдэж байгаа юм. Иймд Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн амьдрал өдөр ирэх тусам доройтож байгаа тул ҮЭХ-оороо дамжуулан шаардлага хүргүүлж байна гэдгээ илэрхийлсэн аж. Энэхүү шаардлагын хариуг 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлээгүй тохиолдолд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хуулиар олгогдсон эрхийн дагуу тэмцлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээ мэдэгдлээ. Мөн шаардлагаас хойш 3-4 сар цалин хөлс нэмэхгүй бол багш нар ахин ажил хаялт зарлана гэв.
Засгийн газарт хүргүүлж буй шаардлагад:
1. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар хийх “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор яаралтай хийж тохиролцоонд хүрэх
2. “2018 оны улсын төсөвт 56.6 тэрбум төгрөг тусгаж, төсвийн байгууллагын ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ” гэсэн “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг сургууль, цэцэрлэгийн амралт хэлэхээс өмнө хэрэгжүүлж эхлэх
3. УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 4, 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгох асуудлыг УИХ-д тавьж, шийдвэрлүүлэх
4. Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу олгогдох урамшуулал төсөвт бүрэн тусгагдаагүй тул улсын төсөвт тодотгол хийх
5. БСШУСЯ, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-оос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар тодорхой арга хэмжээ авах.