Алтайн Өвөр Говийн Захуйн баян бүрдэд 2017оны есдүгээр сарын 26-нд зохион байгуулсан “Говийн гайхамшигт 6” зөвлөгөөнд оролцогч талууд “Баянтооройн тунхаг” бичгийг хэлэлцэж баталсан. Энэхүү тунхаг бичигт GG-6 санаачлагыг идэвхжүүлэх, талуудын үйл ажиллагааг зангидах, нэгтгэх, хөрөнгө санхүүжилт босгох үүрэг бүхий Зохицуулах Зөвлөл байгуулж, идэвхжүүлэхээр тусгасан билээ. Ийм зорилготой талуудын зөвлөлдөх уулзалтыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар өнгөрсөн баасан гаригт Говь-Алтай аймагт зохион байгууллаа. Уулзалтад Говь-Алтай, Ховд, Завхан, Баянхонгор, Өмнөговь аймгийн 50 гаруй төлөөлөл оролцож Зохицуулах Зөвлөлийн талаар илэн далангүй ярилцав.
Олонхийн саналаар Зохицуулах зөвлөлийг байгуулсан бөгөөд дарга нь тухайн жилийн даргалагч аймгийн Засаг дарга, нарийн бичгийн дарга нь Байгаль орчны газрын дарга байхаар тогтлоо. Зохицуулах зөвлөл нь оролцогч талуудын/аймгуудын/ болон бизнесийн салбар, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл багтсан 15 хүртэл сондгой тооны гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. Зохицуулах зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын үүргийг оролцогч аймгууд тойрог байдлаар ээлжлэн нэг жилийн хугацаатай хариуцан гүйцэтгэхээр болсон бөгөөд эхний удаа Говь-Алтай аймаг даргалахаар болсон байна. Зохицуулах зөвлөл нь орон тооны бус байх юм.
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлтий, монгол бөхөн зэрэг говийн ховор амьтдын хамгаалалд олон нийт болон талуудыг татан оролцуулах зорилгоор GG-6 буюу “Говийн гайхамшигт 6” санаачилгыг 2016 онд эхлүүлсэн нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болон өргөжжээ.