АТГ-аас “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн гэх хэрэгт “Жаст”-группийн ерөнхийлөгч Ш.Батхүүг буруутгаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Түүнийг өнгөрсөн сарын 12-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоног саатуулан шалгах шийдвэрийг гаргасан юм. Түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр энэ сарын 12-нд дуусгавар болсон бөгөөд үүнтэй холбогдуулан Ш.Батхүүгийн өмгөөлөгч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга А.Намсаманд албан шаардлага хүргүүлжээ. Тэрээр уг албан шаардлагадаа өөрийн үйлчлүүлэгч “Жаст”-ын Ш.Батхүүгийн хоригдох хугацаа дууссан тул Монгол улсын Үндсэн хууль болон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасныг баримтлан Ш.Батхүүг нэн даруй суллахыг шаарджээ.