Өнгөрсөн онд бүлэг этгээдэд хулгайлагдан хүчирхийлэлд өртсөн өсвөр насны Энэтхэг охин өөрийн эцэг, эхийг мэдүүлгийг нь өөрчилж, эсрэг талаас мөнгө авахыг зөвшөөрсөн явдлыг буруушааж, эсэргүүцсэн байна. Дели хотын цагдаа нар охины ээж баривчилсан бөгөөд эцгийг нь эрэн сурвалжилж байгаа аж.
Эцэг, эх нь хүчирхийлэгчдээс 500,000 рупи авсныг охин цагдаагийн газарт мэдэгдсэнээр ийнхүү мэдээлэл олон нийтэд тархжээ. Охин одоогоор хоргодох байранд, улсын асрамжинд байгаа гэнэ. Цагдаагийн орлогч дарга Вивари ярихдаа “Хэрэгтнүүд хохирогчийн эцэг, эхэд мөнгө өгч тохиролцох гэсэн үйлдэл нь буруу явдал. Охины аавыг баривчилсныхаа дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно оо” гэсэн юм.
Охин цагдаагийнханд хэрэг явдлыг анхааруулж, эцэг эх нь хэрэгтнүүдээс авсан мөнгөө хэдийнээ нуусан тухай мэдэгдсэн учраас тэдэнд, мөн хэрэгтнүүдэд шинэ хавтаст хэрэг нээн шалгаж эхэлжээ. Өсвөр насны охиныг дээрх хэрэгтнүүд хүчирхийлсэн хэрэг өнгөрөгч оны есдүгээр сард бүртгэгджээ.
Сүүлийн жилүүдэд гарсан аймшигт хүчингийн хэргүүдийн эсрэг тэмцэгчид хуулийг чангатгахыг засгийн газраас шаардаж, олон удаагийн жагсаал цуглаан хийсэн билээ. Гэсэн ч Энэтхэгт эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд дахин нэг аймшигт хэрэг шинээр бүртгэгдэж, олон нийтийг цочролд оруулаад байна.
Б.Болормаа