Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр өчигдөр УИХ-ийн гишүүн О. Баасанхүү, Ц.Нямдорж нарын дунд ширүүхэн маргаан үүссэн тухай бид өчигдөр дуулгасан.
Тухайн үед О.Баасанхүү нэлээд бухимдалтайгаар, бүр зандрангуй нь аргагүй Ц.Нямдорж сайдыг элдвээр хэлж, бараг л сүрдүүлээд авсан. Ингэхдээ “Тэгээд яах уу, ярих уу” гэх мэтчилэн Хурцаас гарсан трэнд үгийг ч ашиглаад авна лээ. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын талаар их зүйл мэддэг бололтой. Түүний энэ үйлдлийг цахим орчинд нэлээд дэмжингүй байсан ч зарим хэсэг нь ахмад настанаа хүндлэх монгол ёсыг ч сануулж байв.
Ямартай ч О.Баасанхүүгийн уур гарсан нь ойлгомжтой. Сайдаас уучлалт гуйсан тухайгаа жиргэжээ. Тэрээр “Би Нямдорж сайдаас уучлал гуйв. Улс төрч хүн сэтгэл хөдлөлөө барьдаг байх ёстой. Бас хүн ахтай дээл захтай байх нь зайлшгүй. Аавдаа загнуулж байж бид ухаан суух юм даа. Хэ хэ” гэжээ. О.Баасанхүү гишүүнийг Г.Занданшатар заамдаж авч танхимаас гаргасан гэж байсан. Гэхдээ түүний омогийг аав нь дарсан бололтой.
Эндээс нэг л зүйлийг анзаарахад төрийн түшээд бүгд нууцтай, бүгд хоорондоо шантаажинд орсон учраас төр ариусах аргагүй болсон гэдгийг харж болно.