АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп, Японы ерөнхий сайд Шинзо Абэтай энэ сарын 18-нд уулзсан байна. Хоёр тал “Чөлөөтэй, шударга, тэгш” байх худалдааны гэрээ байгуулахын төлөө хэлэлцэхийг зөвшөөрчээ. Гэвч худалдааны гэрээний хэлбэрийн асуудлаар нийтлэг ойлголтод хүрч чадаагүй аж.
Мар-а-Лагод болсон хэвлэлийн бага хуралд, Шинзо Абэ хэлсэн үгэндээ “”Чөлөөтэй, шударга, тэгш” байх худалдааны гэрээний асуудлаар яаравчлан хэлэлцэхийг хоёр тал зөвшөөрсөн. Хоёр талт чөлөөт худалдааны гэрээг Америкийн тал сонирхож байна. Гэвч “Номхон далайг дамнасан түншийн харилцааны гэрээ” (TPP) нь хоёр орны хувьд хамгийн сайн сонголт гэж Японы тал үзэж байна” гэжээ.
Доналд Трамп энэ талаар хариу өгөхдөө “Би TPP-ын хүрээнд буцаж очихыг хүсэхгүй байна. Гэвч бусад орон “татгалзахын аргагүй” гэрээний төсөл санал болговол би хүлээж авна. Америк, Японы хоёр талт чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг би хүсэж байна. Хэрэв энэ гэрээг байгуулбал, сүүлийн үед Америкийн талаас боловсруулсан ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүний гаалийн татвараас Японы талыг чөлөөлөх болно” гэжээ.
Трамп ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа, АНУ TPP-с гарна хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт TPP-д шинээр элсэн орох боломжийг судлахыг худалдааны бодлого хариуцсан албан тушаалтандаа даалгасан байгаа юм. Тэрээр энэ долоо хоногт, олон нийтийн сүлжээнд “TPP-с АНУ-д болзол тавихыг хүсэхгүй байна. Хоёр талт чөлөөт худалдааны гэрээ АНУ-д бүр ч илүү тохирно хэмээн үзэж байна” гэж жиргэжээ.