Никарагуа улсын нэгэн сэтгүүлч засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр шууд бичлэг хийж байгаад буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Ангель Гаона нь Карибийн тэнгисийн эрэг дэх Блуфилдс хотод банкны байранд дэгдсэн үймээний үеэр Фейсбүүкээр шууд сурвалжлагаа цацаж байхдаа ийнхүү суманд өртсөн аж.
Өнгөрөгч Лхагва гаригт ерөнхийлөгч Даниэл Ортегагийн засгийн газрын баталсан тэтгэврийн өөрчлөлтийн эсрэг хэдэн өдрийн турш өрнөсөн эмх замбараагүй явдлын улмаас 10 гаруй хүн амиа алдсан байна. Дээрх өөрчлөлтөөр ажилчид, албан хаагчдаас авах тэтгэврийн татварын хэмжээг нэмэгдүүлж, буцаан олгох хэмжээг таван хувиар бууруулж байгаа юм. Ерөнхийлөгч яриа хэлэлцээ хийсэн боловч эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдагчид татгалзаж, эхлээд цагдаагийнхны хүчирхийллийг зогсоохыг шаарджээ.
Засгийн газрын байрнууд сүйдэж, гал гарсан бөгөөд хэд хэдэн хотод цэргүүд хамгаалалтанд гарсан байна. Манагуа дахь Политехникийн их сургуулийн оюутнууд үймээн дэгдээж, хотхоноо барьцаалсан аж. Үүний улмаас 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Хүний эрхийн байгууллагынхны мэдэгдсэнээр амиа алдагсдын тоо хэдийнээ 25 хүрсэн аж. Харин шууд сурвалжлага хийж байсан сэтгүүлчийг алсан этгээд тодорхойгүй байгаа юм.
Б.Болормаа