Элчин сайд нарын томилгооноос хамгийн их дуулиан тарьсан хүн бол БНСУ-д Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц юм. Б.Хурцыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Засгийн газраас оруулж ирсэн бөгөөд харин УИХ түүнийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр нэр бүхий гишүүдийн зүгээс С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан нээлттэй сонсгол зохион байгуулсан билээ. Энэ мэтчилэн түүнийг элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр маш их маргаан дагуулсан ч УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх түүнийг дэмжиж Б.Хурцыг БНСУ-д суух онц бөгөөд элчин сайдаар томилохыг дэмжсэн юм. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс түүнд өнөөг хүртэл тус улсад суух элчин сайд болох эрхийг нь баталгаажуулж өгөөгүй явж ирсэн. Харин хамгийн сүүлд авсан мэдээллээр Ерөнхийлөгчийн зүгээс Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилохыг зөвшөөрч, тус улсын талд зөвшөөрөл хүссэн саналаа хүргүүлсэн байна. Хэрвээ Солонгосын талаас зөвшөөрсөн хариу ирвэл түүнийг элчин сайдаар томилох боломж ийнхүү бүрдэх юм байна.