Олон улсын хамгийн алдартай телевизийн шоу нэвтрүүлгийн нэг гэгддэг “The Voice” шоуг Монгол ТВ албан ёсны эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлж эхэлснээс хойш үзэгчдийг хүсэн хүлээлгэдэг нэвтрүүлгийн нэг болсон. “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийнхээ шилдэг 32 оролцогчийн тоглолт өнгөрсөн бямба гаригт шүүгч дасгалжуулагч Укагийн багийн тоглолтоор эхэлсэн. Өчигдөр шүүгч, дасгалжуулагч Болдын багийн найман оролцогчдын тоглолт болж үзэгчдийн саналаар торгон мэдрэмжтэй, охидын сэтгэлийг уяраасан Мөнхбаяр, Бүжинлхам нар сонгогдсон бол Ж.Ариунжаргал, Сайнбилэг нарыг Болд шүүгч сонгосон юм. Ингээд тэмцээнийг Б.Одмандах, С.Тэлмэн, Д.Бямбахишиг, Л.Насанбуян нар орхисноор нэвтрүүлэг өндөрлөв. Энэ үеэр Л.Насанбуян “Voice-т намайг дэмжсэн үзэгчид, аав ээж, бяцхан охиндоо баярлалаа. Болд дасгалжуулагчдаа баярлалаа. Цаашид би дуучин байх эсэхээ шийднэ” гээд тайзыг орхилоо.