Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өчигдөр “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын цөмийн зэвсгийн тал дээр баримталж буй бодлого, хийж буй ажлынхаа төлөө Нобелийн Энх тайвны шагнал хүртэх эрхтэй” гэж мэдэгджээ. Тэрээр энэ талаар хэлэхэдээ “Ерөнхийлөгч Трамп Нобелийн Энх тайвны шагнал хүртэх эрхтэй. Эцсийн эцэст энх тайван л бидэнд чухал” гэж хэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн туршилт хийх бүрт олон удаа анхааруулга өгч, тус улсын эсрэг авах хориг арга хэмжээгээ улам чангатгаж байсан бөгөөд түүний явуулсан энэхүү бодлогын үр дүнд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн баасан гарагт Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ын-тай биечлэн уулзаж, Солонгосын дайнаас хойш энхийн гэрээ байгуулаагүй байсан сөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээнд хүрч чадсан юм. Харин Доналд Трампын хувьд удахгүй Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын-тай биечлэн уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.