АТГ-аас өнгөрсөн 4-р сарын 1-ны өдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр тооцон баривчилсан билээ. Улмаар 2018.04.02-ны өдөр тэднийг яллагдагчаар татан, прокурорын саналын дагуу нэг сар цагдан хорих эсэхийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Үүний дагуу тус шүүхэд цагдан хорионы хурал болж тэднийг нэг сар саатуулахаар болсон юм. Өнөөдөр тэдний цагдан хоригдох 30 хоног дуусч байгаа. Үүнтэй холбоотойгоор С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг цагдан хориог үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Тэгвэл шүүх хурлаас Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг 15 хоногоор үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэр гаргалаа. С.Баярцогтыг прокуророос нэг сарын хугацаатайгаар хорих хугацааг сунгах санал тавьсан бол шүүхээс 15 хоногоор цагдан хорихоор болсон байна. Харин Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсаныг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна. С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн төсөлтэй холбогдох гэрээ, эрхзүйн баримт бичгүүдийг батлах үед эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэж, сэжигтнээр баривчлаад байгаа билээ.