Энэ асуудлаарх хуулийн төслийг Төрийн Думын гишүүд гурван удаагийн хэлэлцүүлгээр ийнхүү баталж байгаа юм байна. Хуулийн төсөлд 2010 оны байдлаар ОХУ-д төлөх ёстой Монгол улсын 174,2 сая ам доллартай тэнцэх рублийн өрийн төлбөрийн хугацаа хэтэрсэн тул тэглэх асуудлыг тусгасан юм. Энэ өр нь 1990-ээд оны дунд үед хуучин ЗХУ-аас Монголросцветмет хамтарсан үйлдвэрийн санд олгосон 163,7 сая хөрвөх рублийн зээл, Оросын Внешэкономбанк Монгол банканд олгосон 10,5 сая ам долларын клирингийн зээлийн өр төлбөр багтаж байгаа юм байна. Хуулийн төсөлд ОХУ-ын өмнө хүлээх төлбөрийн үүрэг нь 2 улсын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын хөгжлийн хамтын ажиллагаа, Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэр, уул уурхайн чиглэлийн Оросын компани, аж ахуй нэгжийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхд чиглэгдэж байсан гэдгийг тусгажээ. 2010 оны 7-р сард 2 улсын талаас хийсэн хэлэлцээрээр Монгол улсын засгийн газар 163,7 сая хөрвөх рублийн зээл, 10,5 сая клирингийн долларын зээл, 3,8 сая ам долларын төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр болжээ. Үүний дараагаар буюу тухайн оны 12-р сард 2 улсын засгийн газар Монгол улсын өрийг тэглэх тухай баримт бичгийг хэлэлцэн баталсан түүхтэй. Гэхдээ 2011 оны зун энэ баримт бичгийг ОХУ-ын тал соёрхон батлах асуудлаа зогсоосон учир сүүлийн 5 жилийн хугацаанд их өрийн асуудал гацаанд ороод байсан юм. Харин 2015 оны 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаснаар гэрээг соёрхон батлах үйл явц дахин сэргэсэн юм.