Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухайгаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп зарласны дараах өдөр буюу өнгөрсөн лхагва гарагт Ираны парламентын хэсэг гишүүд АНУ-ын далбааг шатаажээ. Тус үйл явдлыг харуулсан дүрс бичлэгийг “YouTube” цахим хуудаст тавьсан байна. Уг дүрс бичлэгт парламентын гишүүдийн нэг нь индэр дээр гарч цаасан дээр хэвлэсэн АНУ-ын далбааг харуулан уг цаасыг асаагуураар шатаах бөгөөд үүний дараа хэсэг депутатууд ирж цаасыг шатаахад нь тусалж байгаа нь харагдаж байгаа ажээ. Мөн тэд АНУ-ын далбаанаас гадна өөр нэгэн цаас шатаасан ба олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар тэрхүү цаас нь Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийн тухай гэрээний хуулбар байсан байна. Ираны парламентын гишүүд эсэргүүцлээ ийнхүү илэрхийлэх үеэрээ америкийн эсрэг уриа хашгирсан бөгөөд дараа нь тэд шатаж буй цааснуудаа газарт хаяж, дээр нь хөлөөрөө гишгэлж эхэлжээ.