Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын-тай 6 дугаар сарын 12-нд Сингапурт уулзах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. “Миний Ким Чен Ын-тай хийхээр төлөвлөсөн уулзалт 6 дугаар сарын 12-нд Сингапурт болно. Дэлхий дахины энх тайвны төлөө бид энэ мөчийг онцгой байлгахыг хичээх болно” хэмээн тэрээр тэмдэглэжээ. “АНУ болон Умард Солонгосын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд болохгүй. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын-тай хаана, хэзээ уулзахаар болсноо би ойрын гурав хоногийн хугацаанд нийтэд зарлах болно” гэж Д.Трамп өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч нараас Умард Солонгосын аль нэгэн удирдагчтай биечлэн уулзаж байсан тохиолдол түүхэнд байдаггүй юм байна.