Богд хааны ордон музейн цогцолборыг Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Тус музейн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг нь хадгалах зорилгоор 2001 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоосон аж. Гэтэл тус бүсэд “Грийн эйр гарден” гэх ХХК зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар 2.1 га талбайд барилгын ажил хийх эрхийг Нийслэлийн газрын албанаас авчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу Богд хааны ордон музейн хашаанд байрлах 2.1 га газрыг таван жилийн хугацаатайгаар “Грийн эйр гранд” ХХК-д зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй 2011 оны есдүгээр сарын 23-нд газар эзэмших эрхийг олгон, гэрчилгээнд гарын үсэг зурсан байна. Энэхүү “Грийн эйр гарден” ХХК гэгч нь “АПУ” ХК-ийн охин компани бөгөөд гэхдээ хамгийн сонирхолтой нь уг компани тус газарт дээд зэрэглэлийн шөнийн клуб буюу “стриптиз-клуб” байгуулахаар бэлтгэж байгаа ажээ. Газрын наймаачдын тарьсан балаг дуусахгүй гэж энэ буюу.